Энэ долоо хоногийн онцлох зүйлс
Эхний триместрийн шинж тэмдгүүд багасах
Хоёрдугаар триместр рүү орж байгаатайгаа зэрэгцэн эхний жирэмсний шинж тэмдгүүдээс хэсэгчилэн арилж, амар амгалан мэдрэх болно. Жишээ нь, хөх эмзэг болох, ядрах, хоолны дургүйцэл, өглөөний дотор муухайрах, шээх хэрэгцээ их байх гэх мэт шинж тэмдгүүд багасдаг.
Хөхөөр хооллох бэлтгэл
Та мэдэрч чадахгүй ч хөх тань аль хэдийн colostrum буюу төрсний эхний хэд хоногт хүүхдэд шим тэжээл өгдөг шингэнийг ялгаруулж эхэлсэн байж болно. Жирэмсний дараагийн үед хөхнөөс бага зэрэг colostrum гоожиж мэднэ.
Хүүхэд 13 долоо хоногтой байх үеийн хөгжил
Хүүхэд шээж сурч байна!
Хүүхэд амниотик шингэнийг залгиж, шээс болгон гадагшлуулж эхэлсэн бөгөөд хэд хэдэн цаг тутамд шингэний бүх хэмжээг эргэлдүүлж байна.
Мекониум үүсч эхэлнэ
Хүүхэд амниотик шингэнийг залгихын зэрэгцээ мекониум-ыг үйлдвэрлэж эхэлдэг. Энэ нь хар өнгөтэй, наалдамхай бодис бөгөөд гэдсэнд хуримтлагддаг. Мекониум нь төрснөөс хойш хүүхдийн анхны өтгөн болно.
Шүд болон яс
Хүүхдийн ясны бүтэц хатуурч эхэлж байна, ялангуяа урт яс болон гавлын яс. Шүд, ясны нягтрал нэмэгдэж, илүү бат бөх болж байна.
Таны хүүхдийн хэмжээ ойролцоогоор хар лийрийн хэмжээтэй болжээ

Жирэмсний 13 дахь долоо хоногийн шинж тэмдгүүд
Жирэмсний том, жижиг бүх шинж тэмдгээ тэмдэглэж хянах нь зүйтэй. Ингэснээр биеийнхээ өөрчлөлтийг илүү сайн ойлгож, дараагийн үзлэгт хэрэгтэй мэдээллээ авч очиход тусална. 13 дахь долоо хоногт танд дараах өөрчлөлтүүд ажиглагдаж магадгүй.
Хэвлийгээр базлах
Жирэмсний үед хааяа базлах нь түгээмэл. Энэ нь хий дүүрэх, гэдэс цанхайх, эсвэл умайн холбоос сунах өвдөлтөөс үүдэлтэй байж болно. Бага зэрэг хөдөлгөөн хийх, бүлээн усанд орох, шингэн сайн уух, эсвэл хэвтэж амрах нь өвдөлтийг намдаахад тустай. Гэхдээ базлалт хэдэн минут амраад ч арилахгүй байх, маш хүчтэй өвдөх, хэвлийн дээд хэсгээр өвдөх, эсвэл халуурах, толгой эргэх зэрэг шинж илэрвэл эмч эсвэл эх баригчдаа яаралтай хандаарай.
Хоолны дуршил эргэн нэмэгдэх
Хэрэв та өглөөний дотор муухайралт, зарим хоолноос дургүйцэх шинж тэмдэгтэй байсан бол хоёрдугаар гурван сард орох үед энэ нь багасаж магадгүй. Хоолны дуршил сэргэхийн хэрээр тодорхой хоолонд дурлах хүсэл төрж болно. Зарим мэргэжилтэн үүнийг шим тэжээлийн хэрэгцээтэй холбоотой гэдэг бол зарим нь жирэмсний дуршлыг тийм амархан тайлбарлах боломжгүй гэж үздэг.
Хамар битүүрэх

Сүүлийн үед хамар тань битүүрч байна уу? Жирэмсэн эмэгтэйчүүдийн бараг гуравны нэг нь дааврын өөрчлөлт болон цусны хэмжээ нэмэгдсэнээс болж ийм зовиуртай тулгардаг. Харин халуурах, ханиалгах, хоолой өвдөх, булчирхай хавдах шинж илэрвэл ханиад эсвэл өөр халдвар байж болзошгүй. Дархлаагаа дэмжихийн тулд С аминдэмээр баялаг хүнс хэрэглээрэй, мөн жирэмсэн үед аюулгүй эмийн талаар эмчээсээ асуугаарай.
Ил харагдах судсууд
Жирэмсний үед таны бие 30–50 хувь илүү цус үйлдвэрлэдэг тул судсууд томорч, илүү тод харагдана. Цээж, хөх, хэвлий орчмоор хөхөвтөр судсууд анзаарагдаж магадгүй. Мөн умай томрох тусам хөл болон доод биеэр бүдүүрсэн судас (варикоз) үүсэж болно. Сайн мэдээ нь — ихэнхдээ төрсний дараа багасах эсвэл алга болдог.
Үтрээний ялгадас
Жирэмсний үед үтрээний ялгадас ихсэх нь хэвийн үзэгдэл бөгөөд эстроген даавар нэмэгдсэнтэй холбоотой. Хэрэв ялгадас үнэргүй эсвэл зөөлөн үнэртэй, сүүн цагаан өнгөтэй бол санаа зовох хэрэггүй. Харин саарал, шар, ногоон өнгөтэй, өвдөх эсвэл загатнах шинжтэй, эсвэл ер бусын санагдвал эмчид хандаарай — энэ нь халдварын шинж байж магадгүй.
Цээж хорсох
Дааврын болон биеийн өөрчлөлтөөс болж цээж хорсох (хүчил ихсэх) тохиолдож болно. Энэ нь хоолойны доод хэсгээс хөхний яс хүртэл хорсох таагүй мэдрэмж төрүүлдэг. Хэрэв танд ийм шинж илэрвэл халуун ногоотой болон хүчиллэг хоолноос зайлсхийж, бага багаар ойр ойрхон идэж, удаан зажилж идээрэй. Хоолны дараа бохь зажлах нь ходоодны хүчлийг саармагжуулахад тусалдаг. Хэрэв дээрдэхгүй бол жирэмсэн үед хэрэглэж болох эмийн талаар эмчээсээ зөвлөгөө аваарай.
Жирэмсний 13 дахь долоо хоногт анхаарах зүйлс
Төрөхийн өмнөх үзлэгт бэлдээрэй
Хоёрдугаар гурван сард та ихэвчлэн 4 долоо хоногт нэг удаа эмч эсвэл эх баригчдаа үзүүлнэ. Эдгээр үзлэгээр юу болох талаар урьдчилан мэдэж авах нь тустай.
Эрүүл, тэжээллэг хүнс нөөцлөөрэй
Жирэмсний үед зөв хооллолт урьд өмнөхөөс илүү чухал. Гэхдээ дотор муухайрах, хоолноос дургүй болох, цээж хорсох, хоол шингэхгүй байх зэрэг нь эрүүл хооллоход саад болдог. Боломжийн хэрээр тэжээллэг зууш, “супер хүнс”-ийг хоолондоо нэмээрэй. Танд уураг, эрүүл тос, мөн фолийн хүчил, төмөр, кальци зэрэг амин дэм, эрдэс бодис илүү хэрэгтэй.
Жирэмсний хүндрэлүүдийн талаар мэдэж аваарай
Түгээмэл тохиолддог жирэмсний хүндрэлүүдийн шинж тэмдгийг мэдэж байх нь илүүдэхгүй. Эмч тань жирэмсний турш жирэмсний чихрийн шижин, преэклампси зэрэг эмгэгийг хянах боловч анхааруулах шинжүүдийг өөрөө таньж мэддэг байх нь хэрэгтэй.
Хажуугаараа унтаж хэвшээрэй

Мэргэжилтнүүдийн үздэгээр жирэмсний үед, ялангуяа дунд үе рүүгээ орох тусам хажуугаараа унтах нь хамгийн тохиромжтой байрлал. Ингэснээр судсууд болон дотор эрхтнүүдэд ирэх даралт багасч, умай руу очих цусны урсгал сайжирна. Энэ нь хүүхдэд илүү их шим тэжээл, хүчилтөрөгч очиход тусална. Мөн хаван, судас бүдүүрэх, шамбарам үүсэх эрсдэлийг бууруулна. Хэрэв хажуугаараа унтахад эвгүй байвал жирэмсний зориулалтын дэр туршаад үзээрэй — нойрны тав тухыг их сайжруулдаг.
Хүсэл байвал бэлгийн харьцаанд орж болно
Ихэнх тохиолдолд жирэмсний үед бэлгийн харьцаа аюулгүй байдаг. Эхний гурван сард ядаргаа, дотор муухайралтаас болж бэлгийн дур хүсэл буурч болох ч хоёрдугаар сард эргэн нэмэгдэх нь элбэг. Цусны эргэлт нэмэгдсэнээр зарим эмэгтэйчүүдийн хувьд илүү таатай мэдрэмж төрж ч магадгүй.
Бэлгийн харьцаа хүүхдэд хор хүргэхгүй — хүүхэд умай болон булчингийн давхаргаар хамгаалагдаж, ураг орчмын шингэнээр аюулгүй хүрээлэгдсэн байдаг. Мөн умайн хүзүүн дэх салст бөглөөс халдвараас хамгаална.
Жирэмсний хувцсанд хэмнэлттэй хандаарай
Жирэмсний хувцас авах нь заримд нь баяртай, заримд нь зардалтай санагдаж магадгүй. Аз болоход хямд үнээр авах олон арга бий: онлайнаар хуучин хувцас хайх, second-hand дэлгүүрээр орох, эсвэл сошиал дахь хувцас солилцох бүлгүүдэд нэгдэх гэх мэт. Ингэснээр их мөнгө үрэлгүйгээр гоё хувцас олж чадна.
Жирэмсний 13 долоо хоногтой үеийн гэдэс
Энэ долоо хоногийн төгсгөлд та жирэмснийхээ гуравны нэгийг (эсвэл түүнээс ч илүүг) туулсан байна! Жирэмслэлт хүн бүрд өөрөөр илэрдэг ч ихэнх ээжүүд эхний гурван сартайгаа баяртайгаар “салах ёс хийж”, хоёрдугаар гурван сараа угтдаг. Одоо таны эрч хүч нэмэгдэж, өөрийгөө илүү хэвийн мэдэрч эхлэх бөгөөд жирэмсэн гэдэг нь ч гаднаас илүү анзаарагдаж магадгүй. Умайн дээд хэсэг дээшилж, аарцагнаас гарч ирж байгаа тул гэдэс тань ойрхон ажигласан хүнд илүү тод харагдаж эхэлнэ.