Хүүхдийн анхны шүд ургах үе, мөн хэр зовиуртай байх нь хүүхэд бүрт ялгаатай байдаг. Хүүхдийн шүд ургаж байгааг хэрхэн таних вэ.
Хүүхдийн шүд хэдэн сартайгаас ургаж эхэлдэг вэ?
Шүд ургах шинж тэмдгүүд 3 сартайгаас эхэлж болно, гэхдээ ихэвчлэн 4–7 сартай үед илэрдэг. Шүд ургах шинж тэмдгүүд нь шүд буйлнаас гархаас хэдэн өдөр өмнө хүчтэй илрэх ба шүд гарсны дараа хэдэн өдөр үргэлжилдэг. Гэхдээ шүд ургах өвдөлт нь шинэ шүд гархаас хэдэн долоо хоногийн өмнө таны хүүхдийг илүү тавгүйтүүлэх боломжтой. Таны хүүхдийн шүд нь төрөхөөсөө өмнө шүдний үр (tooth buds) хэлбэрээр хөгжиж эхэлдэг. Ихэнх хүүхдийн анхны шүд 6–12 сартайд нь ургадаг. Зарим хүүхэд нэг нас хүрэх хүртлээ шүдгүй байдаг бол зарим нь төрөхөдээ шүдтэй төрж болох бөгөөд үүнийг natal teeth гэж нэрлэдэг.
Ихэнхдээ анх доод хоёр үүдэн шүд, дараа нь дээд дөрвөн үүдэн шүд гардаг. Таны хүүхдийн бүх 20 шүд ойролцоогоор 3 нас хүрэх үед гарсан байх ёстой.
Хүүхдийн шүд ургаж байгаагийн шинж тэмдгүүд
Шүд ургах шинж тэмдгийн тодорхой жагсаалт байхгүй бөгөөд бүх хүүхэд тэдгээрийг мэдэрдэггүй. Олон хүүхдэд шүд ургах нь зовиургүй, зөвхөн буйл хавдаж, мэдрэмтгий болох байдлаар илэрдэг. Гэхдээ зарим хүүхдэд шинэ шүд гарч буй нь тодорхой харагдах шинж тэмдэгүүд илэрдэг.
Хүүхэд шүд ургаж байгаагийн түгээмэл шинж тэмдгүүд

1. Шүлс гоожих
Шүлс гоожих нь шүд ургах үеийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг юм. Зарим мэргэжилтнүүд шүлсний ялгаралт нэмэгдэх нь шүд ургах өвдөлтийг намжаахад туслах зорилготой байж магадгүй гэж үздэг. Гэхдээ шүлс гоожих нь заавал шүд ургахтай холбоотой биш. Хүүхэд 3–6 сартай үед шүлс ихээр гоожих нь түгээмэл бөгөөд энэ нь хоолонд шилжиж эхэлж байгаа үеийнхтэй давхцдаг.
2. Нүүрэнд тууралт гарах
Их хэмжээний шүлс хүүхдийн мэдрэмтгий арьсыг цочроож, улайлт үүсгэж болно, ихэвчлэн эрүү орчимд. Шүд ургах тууралтыг багасгахын тулд шүлсийг зөөлөн, тогтмол арчиж байх хэрэгтэй. Мөн унтахын өмнө хүүхдийн эрүү орчимд бага зэрэг вазелин түрхэж, арьсыг өдрийн турш цочролоос хамгаалж болно.
3. Буйд хавдар, мэдрэмтгий байдал
Олон хүүхдэд шүд ургах гол шинж тэмдгүүдийн нэг нь шинэ шүд гарах гэж буй буйд хавдар үүсч, мэдрэмтгий болох явдал юм. Хүүхдийн буйд цэвэр хуруугаараа зөөлнөөр иллэг хийх нь зовиурыг намжаахад тусалдаг.
4. Тавгүйтэл, уйлах
Хүүхэд илүү их уйлж, тавгүйтэж байвал шүд ургахтай холбоотой байж магадгүй. Учир нь буйл өвдөж, мэдрэмтгий байвал хүүхэд уйлах нь бий. Шүд гарахаас хэд хоногийн өмнө хүүхдийг тайвшруулахад хэцүү байх нь түгээмэл бөгөөд заримдаа ийм уйлалт долоо хоног гаруйн турш үргэлжилж болно.
5. Унтахад төвөгтэй болох
Шүд гарч байгаа үед унтахад төвөгтэй болдог гэж эцэг, эхчүүд ихэвчлэн хэлдэг ч яг юунаас шалтгаалж байгааг тодорхойлох нь хэцүү. Хэрэв шүд ургах нь шөнийн унтлагыг муутгаж байна гэж та сэжиглэж байвал, шүлс гоожих, хацар үрэх, буйл хавдах зэрэг бусад шинж тэмдгийг анзаараарай.
6. Юм амандаа хийх, зажлах, хазах
Хүүхдүүд амаа ашиглан орчноо судалдаг бөгөөд 3–6 сартай үеэс юм амандаа хийх эхэлдэг. Харин амандаа хүрэх бүх зүйлд хазах, зажлах хүсэл нэмэгдсэн бол шүд ургаж буй шинж байж болно. Энэ нь шүд гарах гэж буй буйлд даралт өгч, зовиурыг багасгахад тусалдаг.
7. Хөнгөн халуурах
Шүд гарах үед хөнгөн халууралт (ойролцоогоор 38°C) илрэх магадлалтай – ялангуяа шүлс гоожих, буйл хавдах зэрэг бусад шинж тэмдэгтэй хавсарвал. Америкийн Хүүхдийн Эмнэлзүйн Академийн (AAP) мэдээлснээр, шүд ургах үед хүүхдийн биеийн температур бага зэрэг нэмэгдэж болно. Гэвч 38°C–аас өндөр халууралт нь шүд ургахтай холбоогүй бөгөөд халдвар эсвэл өвчнийг илтгэнэ. Хэрэв таны хүүхэд 24 цагаас дээш халууралттай байвал, эсвэл ядрах, тайлбарлашгүй тууралт, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл, хүүхдийн эмчид үзүүлж бусад шалтгааныг тогтоолгох хэрэгтэй.
8. Нүүр, чих, буйл үрэх
Шүд ургах үед буйл өвдөхөөс гадна хацар болон чихэнд хурц өвдөлт мэдрэгдэх нь элбэг. (Ялангуяа том шүд буюу моляр гарч байх үед илүү мэдрэгддэг.) Хүүхэд өвдөлтөө намжаахын тулд хацар, чихээ үрэх гэж оролдож магадгүй. Гэвч чих татах нь чихний халдварын шинж тэмдэг ч байж болно. Хэрэв таны хүүхэд халуурч байгаа эсвэл чихээ үрэх нь үргэлжилж, илүү тавгүйтэж байвал эмчид хандах хэрэгтэй.
9. Буйлд ил харагдах товгор
Шүд буйлнаас гарахаас өмнө, буйл дээр цэнхэр, бор өнгөтэй, тунгалаг товгор гарч ирэхийг ажиглаж болно. Үүнийг шүд ургах үеийн уйланхай гэж нэрлэдэг. Эдгээр нь өвддөг мэт харагддаг ч ихэнхдээ өвдөлт үүсгэдэггүй бөгөөд шүд гарахтай хамт алга болдог.
Шүд ургаж байх үед хүүхэд өвддөг үү?
Зарим эцэг, эхчүүд хүүхэд шүд ургаж байх үед суулгалт, өндөр халууралт, хамрын бөглөрөл, ханиалгах, бөөлжих, тууралт (нүүрээс бусад хэсэгт), хамрын салст гоожих зэрэг шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлдэг. Зарим хүмүүс шүд ургах үед нэмэгдсэн шүлсний ялгаралт нь суулгалт эсвэл живхний тууралт үүсгэдэг гэж үздэг. Гэвч мэргэжилтнүүд эдгээр шинж тэмдгийг шүд ургалттай холбож үздэггүй.
Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа гол шалтгаан нь:
- Хүүхэд 6–12 сартай насандаа илүү их өвчилдөг бөгөөд энэ нь шүд ургах үеийн настай давхцдаг.
- Шүд ургаж буй хүүхдүүд ихэвчлэн юу ч амандаа хийдэг тул вирус, нянгийн халдвар авах магадлал өндөр.
- Эцэг эхээс төрөхөд авсан антителүүд 6 сартай орчим багасдаг, тиймээс дархлаа бүрэн хөгжөөгүй хүүхэд халдвартай тэмцэхэд бэрхшээлтэй болж, чихний болон шээсний замын халдвар зэрэг өвчнүүдэд өртөмтгий болдог.
Шүд ургаж буй хүүхдийг тайвшруулах аргууд
- Юм зажуулах. Хүүхдэд бат бөх резинэн, модон эсвэл силикон teething ring өгөөрэй. Мөн хөргөгчинд хадгалсан (хөлдөөгчинд биш) чийгтэй алчуур амандаа хийхэд тайвшруулдаг.
- Буйлыг зөөлнөөр үрэх: Цэвэр хуруугаараа хүүхдийн өвдөлттэй буйлыг 1–2 минутын турш зөөлнөөр илэх нь түр зуурын тайвшрал өгдөг.
- Хөргөсөн хоол өгөх: Хүүхэд хатуу хоол идэж эхэлсэн бол хөргөсөн хоол, жишээ нь хөргөсөн алимны пюре нь зовиурыг багасгахад тусална.
- Эм хэрэглэх: Хэрэв хүүхэд 6 сартай ба түүнээс дээш бөгөөд дээрх арга нь тус болохгүй бол эмч нярай хүүхдийн өвчин намдаах эм санал болгох боломжтой. Жишээ нь ацетаминофен (acetaminophen) эсвэл ибупрофен (ibuprofen). Хүүхэд 2 нас хүрээгүй бол эмийн зөв тунг эмчтэй баталгаажуулан хэрэглэх хэрэгтэй.
Мөн хүүхдийн шүд ургах өөр аргуудыг үзэж, хэрэглэх боломжтой.