Сарын тэмдгийн үеэр болон дараахан нь жирэмсэн болдог уу

Та сонсож байсан байх, сарын тэмдгийн үеэр жирэмсэлдэггүй гэж, гэвч энэ үнэн биш. Хамгийн магадлалтай үе биш ч гэсэн таны сарын тэмдгийн мөчлөгийн урт, овуляци болох цаг зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан сарын тэмдгийн үеэр жирэмслэх боломжтой. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг тогтмол ирдэг бол жирэмслэх магадлал хамгийн өндөр нь овуляцийн өмнөх таван өдөр болон овуляцийн өдөр юм.

Сарын тэмдгийн үеэр яаж жирэмслэх боломжтой вэ?
Хэрэв таны сарын тэмдгийн мөчлөг богино бөгөөд сарын тэмдэг удаан үргэлжилдэг бол жирэмслэх боломжтой байдаг.  Ердийн сарын тэмдгийн мөчлөг 28 хоног үргэлжилдэг тул сарын тэмдэг дууссанаас овуляци эхлэх хүртэл хэдэн хоногийн зай ихэнхдээ гардаг. Харин зарим эмэгтэйчүүдийн мөчлөг 21 хоног хүртэл богино байдаг. Энэ тохиолдолд сарын тэмдэг дууссанаас дараагийн овуляци хүртэлх хугацаа илүү богино байна.

“Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд хэвийн сарын тэмдгийн мөчлөг 21-35 хоногийн хооронд байдаг” гэж мэргэжлийн хүмүүс тайлбарласан байдаг. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн 14-25 хувь нь тогтмол бус мөчлөгтэй байдаг аж.  Таны сарын тэмдгийн мөчлөг сар бүр өөрчлөгдөж болно. Мөн анх сарын тэмдэг ирж эхлэх үед мөчлөг урт байх нь элбэг бөгөөд нас ахих тусам богиносож, илүү тогтмол болдог. Эмч, мэргэжилтнүүдийн тайлбарласнаар  20-30 насанд мөчлөг хамгийн тогтмол байдаг. Харин 40 насанд бие махбод цэвэршилтийн (менопаузын) шилжилт рүү орж эхлэх үед сарын тэмдэг тогтворгүй болох хандлагатай.

Хэрэв таны мөчлөг богино бол сарын тэмдэг дууссаны дараахан овуляци явагдаж болно (21 хоногийн мөчлөгтэй бол мөчлөгийн дунд үе нь сарын тэмдэг эхэлснээс хойш 10 эсвэл 11 дэх өдөр байж болно). Мөн эр бэлгийн эс эмэгтэйн нөхөн үржихүйн замд 5 хүртэл хоног амьдрах чадвартай тул, хэрэв та сарын тэмдгийн үеэр бэлгийн хавьталд орсон бол овуляцийн үед амьд эр бэлгийн эс байж, өндгөн эстэй нийлж үр тогтоох боломжтой. Хэрэв сарын тэмдэг удаан үргэлжилдэг бол энэ магадлал бүр ихэснэ. Жишээ нь, сарын тэмдэг 7 хоног үргэлжилж, та 10 дахь өдөр овуляци хийдэг бол 7 дахь өдөр бэлгийн хавьталд орсноор 10 дахь өдөр өндгөн эс гарах үед үр тогтоох боломж бүрдэнэ.

Мөн өөр нэг боломж бол та мөчлөгийн дунд үеийн цус алдалтыг сарын тэмдэг гэж андуурсан байж болно. (Хэрэв таны сарын тэмдэг ихэвчлэн бага хэмжээтэй ирдэг бол ийм андуурал гарах магадлалтай.) Сарын тэмдгийн хооронд бага хэмжээний цус гарах нь овуляцийн шинж байж болно. Энэ нь өндгөн эсийг хүрээлж байсан уутанцар хагарах үед тохиолддог бөгөөд нэг удаа эсвэл хэдэн өдөр үргэлжилж болно. Хэрэв та энэ үед хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон бол жирэмслэх боломжтой. Үнэндээ энэ үед та маш үр тогтоох чадвартай байдаг!

Сарын тэмдэг дууссаны дараа шууд жирэмслэж болох уу?

Тийм. Сарын тэмдэг дууссаны дараах үе нь жирэмслэхэд хамгийн тохиромжтой үе биш ч, сарын тэмдгийн үеэрхтэй харьцуулахад жирэмслэх магадлал илүү өндөр байдаг. Учир нь та овуляцид илүү ойртсон байдаг. Дахин хэлэхэд, сарын тэмдэг дууссаны дараа жирэмслэх магадлалыг нэмэгдүүлэх хоёр хүчин зүйл бий:

-Богино сарын тэмдгийн мөчлөг
-Удаан үргэлжилдэг сарын тэмдэг

Таны мөчлөг богино, харин сарын тэмдэг удаан үргэлжилдэг бол сарын тэмдгийн сүүлийн өдрүүдэд эсвэл дууссаны дараах өдрүүдэд үр тогтоох чадвартай байх магадлал өндөр байдаг.

Жишээлбэл, хэрэв таны сарын тэмдэг 7 хоног үргэлжилдэг бөгөөд та 8 дахь өдөр бэлгийн хавьталд орсон бол үр тогтоох боломжтой хугацаандаа (11–21 дэх өдрүүдэд) нэлээд ойрхон байна гэсэн үг. Эр бэлгийн эс таны биед 5 хүртэл хоног амьдрах чадвартай тул 8 дахь өдрөөс 11 дэх өдөр хүртэл “хүлээж”, өндгөн эстэй нийлэх боломжтой байдаг!

Сарын тэмдэг ирэхийн өмнөхөн жирэмслэж болох уу?

Тийм, боломжтой. Гэхдээ магадлал бага. Ерөнхийдөө сарын тэмдэг ирэхээс өмнөх өдрүүдэд жирэмслэх магадлал хамгийн бага байдаг. Сарын тэмдэг эхэлж, дараа нь дуусах тусам жирэмслэх магадлал нэмэгдэж эхэлдэг. Гэсэн хэдий ч сарын тэмдэг ирэхийн өмнөхөн жирэмслэх магадлал бага ч бүрэн боломжгүй гэсэн үг биш — тохиолдож болно. “Хэрэв таны өндгөн эсийн нөөц хурдан багасаж байгаа бол (жишээлбэл, цэвэршилтийн өмнөх үе — перименопаузд орж байгаа үед) сарын тэмдэг ирэхийн өмнөхөн эсвэл эхэн үед жирэмслэх боломжтой” гэж  эмэгтэйчүүдийн эмч болон нөхөн үржихүйн дотоод шүүрэл, үргүйдлийн мэргэжилтэн тайлбарлажээ. Учир нь тархи одоогийн мөчлөг дуусаагүй байхад өндгөвчид шинэ өндгөн эс боловсруулж эхлэх дохиог эрт илгээдэг.

Сарын тэмдгийн эхний өдөр жирэмслэж болох уу?

Ийм зүйл тохиолдож болно, ялангуяа эмэгтэй хүн цэвэршилтийн шилжилтийн үед орж байгаа эсвэл өндгөн эсийн нөөц нь хугацаанаасаа өмнө багасаж байгаа бол. Тархи нь өндгөвчид байнга дохио илгээж, өндгөн эс агуулсан уутанцрыг (фолликул) боловсруулж, гүйцэтгэхийг өдөөдөг. Үүний улмаас өмнөх сарын тэмдгийн мөчлөгт “хуваарь алдагдсан” буюу хэвийн бус цагт овуляци явагдах боломжтой.