Хүүхдийг хөхүүлсний дараа үлдсэн сүүг сааж, суллавал эргээд сүү сайн ордог

Төрсний дараа хөхөндөө сүү оруулах гэдэг ээжүүдийн хамгийн чухал асуудлын нэг байдаг. Зарим ээж сүү оруулах гэдэг асуудалтай тулгардаггүй. Харин зарим нь хөхөндөө сүү оруулах гэж багагүй сорилт, чармайлттай тулдаг. Тэгвэл хөхөөр хооллох болоод хөхөндөө сүү оруулах талаар "Интермэд" эмнэлгийн Төрөх тасгийн Нярайн хэсгийн ахлагч Д.Эрдэнэцэцэг зөвлөжээ.

Тэрбээр "Эхийн сүүгээр дагнан хооллох нь тухайн хүүхдийн эрүүл мэндийг насан туршид нь дэмжин хамгаалдаг. Амьдралын эхний зургаан сарын турш хүүхдийг эхийн хөхөөр дагнан хооллох ёстой. Харин зургаан сар хүрснээс хойш бор хоолонд оруулах бөгөөд үргэлжлүүлэн хамгийн багадаа хоёр нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөдөг. Боломжтой бол түүнээс дээш хугацаагаар эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно. Төрөхөөс өмнө, төрөх үед ба төрсний дараах үеүдэд хүүхдийг хөхөөр хооллоход юуг анхаарах хэрэгтэйг тайлбарлая.

Төрөхөөс өмнө

  • Ээж өөрийгөө сайн асарч, эрүүл хооллож, тайван байх нь хамгийн чухал
  • Хүүхдээ хөхөөр хооллохоор төлөвлөсөн бол эмчтэйгээ ярилцаж, зөвлөгөө авах
  • Боломжтой бол хөхөөр хооллох сургалтад хамрагдах
  • Гэр бүлийн гишүүддээ хүүхдээ хөхөөр хооллох тухайгаа хэлж, дэмжлэг авах нь маш чухал.

Хүүхэд төрсөн даруйд

  • Таныг дэмжих гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх
  • Анхны удаа буюу хүүхдийг амлуулахад асуудал  тулгарвал эх баригч, сувилагч эсвэл хөхөөр хооллолтын мэргэжилтэн нараас тусламж авах хэрэгтэй.

Энэ үед хамгийн чухал нь хүүхдэд өөрөө хөхөө хөхөж эхлэхийг тайван хүлээх хэрэгтэй. Ихэнх хүүхдүүд төрсний дараа 60-90 минутад хөхөө хөхөх дохио үзүүлдэг бол зарим хүүхэд түүнээс удаан хугацаа зарцуулж болно. Нярайг төрөнгүүт нь эхтэй нь арьс арьсаар шүргэлцүүлэн тэврүүлэх. Энэ үед хүүхдийг дааруулахгүйн тулд цэвэр даавуугаар хучих хэрэгтэй. Хэрэв хүүхэд дутуу эсвэл бага жинтэй төрсөн бол “Имж эх асаргаа”-ны аргыг хэрэглэх хүсэлтэй байгаагаа эмч, эрүүл мэндийн ажилтнуудад хэлэх нь зөв. ДЭМБ-аас “Имж эх асаргаа”-ны аргыг өдөрт багадаа 20 цагаас багагүй хэрэглэх нь хүүхдийн эрүүл мэндэд маш сайн үр дүнтэй гэж зөвлөдөг.

Төрсний дараах үеүдэд

Хүүхдийг эхийн хөхөөр дагнан хооллоход гэр бүлийн дэмжлэг нэн чухал. Тиймээс таныг дэмжиж өгөх гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх хэрэгтэй. Мөн сайн амарч, хангалттай ус ууж, эрүүл хооллох нь чухал юм.Эхийн сүүнд хүүхдийн эрүүл мэндэд нэн чухал шим тэжээл ба эсрэг биетүүд агуулагдаж байдаг. Харин сүү орлуулагч эсвэл нэмэлт бүтээгдэхүүн зэрэг нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй учраас хүүхдээ эхийн хөхөөр дагнан хооллох нь чухал байдаг юм. Түүнчлэн эх хүүхдийг нэг өрөөнд хамт байлгаж, хүүхдийг хүссэн үед нь хөхөө ээлжлэн хөхүүлэхийг зөвлөдөг. Мөч бүрийг нандигнан, аз жаргалтайгаар хүүхдээ хөхүүлээрэй.

Хөхний сүүний нийлэгжилтийг бууруулдаг хамгийн элбэг тохиолдох шалтгаан нь хөхөн дэх сүүгээ гүйцэд хөхүүлж чадахгүй, дутуу хөхүүлэх, үлдсэн сүүгээ саахгүй үлдээдгээс болдог. Тиймээс хүүхдийг хөхүүлсний дараа үлдсэн сүүг сааж, хөхөө сулласнаар хөхөнд эргэж сүү сайн ордог" хэмээн зөвлөжээ.